Агаарын температур 10-20 градусаар эрс хүйтэрнэ
Монгол орны ихэнх нутгаар энэ сарын 17-19-нд онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай, гамшигт үзэгдэл болж, агаарын температур өмнөх хоногийнхоос 10-20 градусаар эрс хүйтэрнэ.
ЦУОШГ-ын мэдээлснээр, энэ сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Увсын өмнөд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20, зарим үед 24 метрийг давж хүчтэй шороон шуурга, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан,Төв аймгийн нутгаар маргааш цасан шуурга, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 24-28, зарим үед 34 метрийг давж хүчтэй шуурах юм.
Мөн 18-19-нд шилжих шөнө Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутгаар цас орж, цасан шуурганы аюултай, гамшигт үзэгдэл, Өмнөговийн зүүн хэсэг, Говьсүмбэр, Дундговь, Дорноговийн нутгаар, 19-ний өдөр Дорноговийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурах тул хальтиргаа гулгаа үүсэх, зам, даваа хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр, осгож, хайрагдах нөхцөл бүрдэхийг онцгой анхааруулж байна.
Эдгээр өдрүүдэд бага насны хүүхдийг малд явуулахгүй, малаа ойрын бэлчээрт, нөмөр газарт бэлчээх, төл малыг осгохоос хамгаалах, ямаа самнахыг хойшлуулах, төллөх малаа хотондоо байлгах, төл, тарга хүч муутай мал, самнасан ямааг даарах, цасан шуурганд уруудаж осгохоос сэргийлэх, бэлчээр, өвс тэжээл бага бүс нутагт малд нэмэлт тэжээл өгөх, отор нүүдлийг хойшлуулах, хол замд мал тууварлахгүй, үзэгдэх орчин хязгаарлагдаж, мал шуурганд уруудах эрсдэлийг онцгой анхаарч, цаг агаарын мэдээг тогтмол авч, урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.