Украины парламент давхар иргэншлийг зөвшөөрөх хууль батлав

Украины парламент давхар иргэншлийг зөвшөөрөх хууль батлав

Дөрвөн жил үргэлжилж байгаа дайны улмаас Украин улсын иргэд олноор гадагш дүрвэн гарч байна. Үүнээс үүдэлтэй хүн амзүйн хямралыг шийдэхийн тулд Украин улсын парламент хоёр болон түүнээс олон тооны давхар иргэншилтэй байж болох хууль баталсан байна. Үүнээс өмнө Украин улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй байсан тул Украины иргэншилтэй болохын тулд өөр бусад иргэншлээ цуцлуулах ёстой байсан юм.

Өнөөдрийн байдлаар Украин диаспора буюу Украин гаралтай ч өөр улсад амьдардаг хүний тоо 25 саяд хүрчээ. Харин Украин улс 38 сая иргэнтэй. 1991 онд ЗХУ задарч, Украин улс тусгаар тогтноход Украин 52 сая иргэнтэй байжээ. Украин улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрснөөр дэлхий даяар тарсан 25 сая Украинчуудтай холбоо тогтоож, хүн амзүйн хямралаа давж гарна гэж Украины нэгдлийн яам дурдсан байна. 1990-ээд онд Украинчууд гадаад улс оронд хөдөлмөр эрхлэхээс олноор цагаачилж байсан.

Харин ОХУ-тай дайтаж эхэлснээс хойш дайнаас дайжиж гадаад улс руу цагаачлах болсон. 2022 онд дайн эхэлснээс хойш 5 сая Украин хүн Европ руу цагаачлан гарсан бол хэдэн арван мянган хүн дайны хөлд үрэгдсэн байна. Дайны улмаас гадагш цагаачилж дүрвэсэн иргэд буцаж эх орондоо очих эсэхдээ эргэлзэж байна. Гэхдээ эх орондоо хайртай учир шинэ иргэншлийн хуулийн дагуу дэлхий даяар тарж бутарсан Украинчуудад шинэ боломж гарч ирж байна гэж Украин диаспора хэлж байна. Иргэншлийн тухай хуулийг шинэчилснээр гадаад улс оронд амьдардаг Украин эцэг эхээс төрсөн хүүхэд, өөр улсын иргэнтэй гэр бүл болоод тухайн улсын иргэншилтэй болсон хүмүүс буцаад Украины иргэншилтэй болоход дөхөм болох юм.

Түүнчлэн дайнд Украины талд тулалдаж байгаа гадны иргэд Украины иргэншилтэй болох явцыг хялбаршуулж өгнө гэж тайлбарлаж байна. Гадны иргэд Украины иргэншилтэй болохын тулд Украин хэлтэй, түүх, үндсэн хуулийн мэдлэгтэй гэдгээ батлан шалгуулах ёстой юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.