Фүжи уул дэлбэрсэн тохиолдолд үүсэх гамшгийн урьдчилан таамагласан дүрс бичлэг

Фүжи уул дэлбэрсэн тохиолдолд үүсэх гамшгийн урьдчилан таамагласан дүрс бичлэг

Фүжи уул дэлбэрсэн тохиолдолд үүсэх гамшгийн нөхцөл байдалд хүмүүсийг бэлтгэлтэй байлгахын тулд галт уулын дэлбэрэлтийн үр дагавар, үнс нурам хэрхэн цацагдах зэргийг урьдчилан таамагласан дүрс бичлэгийг Японы Засгийн газар нийтэлжээ.

Нийт 10 минут үргэлжлэх дүрс бичлэгт 1707 онд болсон хамгийн сүүлчийн дэлбэрэлттэй дүйцэхүйц галт уулын дэлбэрэлтийн дараах нөхцөл байдлыг компьютерийн графикаар дүрслэн харуулсан байна. Үүнд цахилгаан хангамж, бохир усны систем, авто зам, төмөр зам зэрэг дэд бүтэц өртөхийг анхааруулжээ.

Японы хамгийн өндөр оргил болох 3776 м ууланд тохиож болзошгүй гамшгийг харуулсан уг дүрс бичлэгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын цахим хуудаснаас үзэх боломжтой бөгөөд тус улсад “галт уулын гамшгаас урьдчилан сэргийлэх өдөр”-ийг тохиолдуулан нийтэлсэн байна.

Токиогийн их сургуулийн профессор Тошицүгү Фүжий дүрс бичлэгийн үеэр хэлэхдээ, Фүжи уул 300 гаруй жилийн турш дэлбэрээгүй нь ер бусын зүйл гэдгийг тэмдэглэжээ. Дундаж тооцоогоор бол Фүжи уул 30 жилд нэг удаа дэлбэрдэг гэж тэрбээр ярьсан байна.

Яманаши мужид байрладаг Фүжи уулын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Фүжий “хэрэв хэзээ нэгэн цагт дэлбэрэлт болбол би хувьдаа гайхахгүй” хэмээн нэмж хэлжээ. Фүжи уул нь Яманаши болон хөрш зэргэлдээх Шизүока мужийг дамнан оршдог.

Галт уулын дэлбэрэлтийн дараа уг уулаас 60 км зайд орших Канагава мужийн Сагамихара хотын орчимд 2 мм-ийн диаметр бүхий далайн эргийн элс шиг үнс удалгүй унаж, улмаар хоёр хоногийн дараа гэхэд 20 см зузаан үнс нурам хуримтлагдахыг дүрс бичлэгээс харж болно. Мөн галт уул дэлбэрснээс хоёр хоногийн дараа Токиогийн Шинжүкү дүүргийг 5 см ба түүнээс дээш зузаан үнс нурам бүрхсэн дүр зургийг дүрсэлсэн байна.

Ойролцоогоор 30 см ба түүнээс дээш зузаан үнс нурам хуримтлагдсан үед бороо орвол модон байшин сүйддэг бол ердөө 3 см зузаан тогтсон үнс норсон тохиолдолд зам тээвэрт саад учруулах ажээ. Энэхүү дүрс бичлэгийг 2020 онд Засгийн газрын Гамшгаас хамгаалах төв зөвлөлөөс гаргасан нөхцөл байдал дээр тулгуурлан бүтээсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын Техас мужид хүчтэй үер буусны улмаас онц байдал зарлалаа 2025-07-06

АНУ-ын Техас мужид болсон үерийн улмаас 81 хүн нас баржээ 2025-07-07

Хонконг цаг агаарын аюулын хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг гаргажээ. 2025-08-07

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын уулзалт дууслаа. 2025-08-16

Ким Жөн Ун Бээжин хотноо болох цэргийн парадыг үзнэ 2025-08-28

Фүжи уул дэлбэрсэн тохиолдолд үүсэх гамшгийн урьдчилан таамагласан дүрс бичлэг 2025-08-30

АНУ гадаад оюутан болон сэтгүүлчдийн визний хугацааг багасгах санал гаргалаа 2025-09-05

АНУ: Гадаадын иргэдэд олгодог цагаачлалын бус визийн журмыг чангатгасан байна.  2025-09-08

Унц алтны үнэ 3600 ам.доллар давснаар түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ. 2025-09-10

Балбын Ерөнхий сайдаар анх удаа эмэгтэй хүн томиллоо 2025-09-15

Ч.Киркийн хэргийн сэжигтэнд цаазын ял оноохыг шаарджээ 2025-09-17